“Малчдад туслах сайн санааны аян”-д Монголбанкны хамт олон нэгдлээ

ХХААХҮ-ийн сайдын санаачлагаар цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах,  өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад туслах  зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-г  өрнүүлж байна. Энэхүү аянд Монголбанкны хамт олон нэгдэж ард түмнийхээ хүнсний хэрэгцээнд мах, сүү цагаан идээгээ нийлүүлдэг малчин түмэндээ халуун сэтгэлийн хандив өргөсөн юм. Монголбанкны ажилтан, албан хаагчид цалингаасаа хуримтлал үүсгэн, 46.8 сая төгрөгийг малчдад хандив тусламж болгон хүргүүлснийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2017.02.03/ ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд гардуулан өгөв. .

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зарим  бүс нутагт өвөлжилт хүндрэлтэй байгааг дурдаад, Монголбанкны ажилтнуудын ирүүлсэн тусламжийг малчдад энэ тэргүүнд хэрэгцээтэй байгаа өвс тэжээлийн зардалд хуваарилан хүргүүлэх ажлыг зохион байгуулна гэдгээ онцлов. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр “Бичин жилийн зуд гэж олон түмний хэлж, ярьдгаар энэ жил амаргүй өвөл болж байгаа учир хүнд хэцүү үед малчдадаа сэтгэлийн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх нь хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл болов уу гэж бодож, Монголбанкны хамт олон цалингаасаа хуримтлал үүсгэн чин сэтгэлийн бэлэг болгон малчдадаа илгээж, бидний өчүүхэн сэтгэлийн дэм байгалийн шалгуурыг даван гарахад тус нэмэр болов уу гэж найдаж байна” гэв.

“Малчдад туслах сайн санааны аян”-д одоогийн байдлаар 80 аж ахуй нэгж, байгууллага хамт олон, иргэд оролцож эд материалын болон мөнгөн тусламж үзүүлээд байна. Та бүхэн  “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг хүсвэл Төрийн сан банк, Мал хамгаалах сан н.с, 100900019416 тоот дансанд хандив өргөж малчин түмэндээ хандив өгөх боломжтой юм. Мөн ХХААХҮЯ-нд аяны ажлын хэсгийн  51-262559, 51-262437,  шуурхай штабын 51-262835   тоот утас ажиллаж байна.

No comments.

Leave a Reply